2017 онд Өмнөд Монголын малчин тэмцэгч Янжиндулам зэрэг хүмүүс Өмнөд Монголын газар шорооны төлөө хөдөлгөөний өдрийг санаачилсан байдаг. Японд төвтэй Өмнөд Монголын Их Хуралдай энэхүү өдрийг тэмдэглэн, хүмүүсийг уриалж, үнэн байдлыг таниуллаа.
2011.5.11-нд Шилийн гол аймгийн Үзэмчин баруун хошууны малчин, нутаг бэлчээрээ хамгаалан тэмцэгч Мэргэнийг бэлчээр нутгийг дураар сүйтгэн нүүрс тээвэрлэгч хятадууд зэрлэгээр амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарсан билээ. Үүний дараа өмнөд монголчууд 1981оны Сурагчийн хөдөлгөөнөөс хойш үзэгдээгүй их эсэргүүцэл жагсаалыг өрнүүлэн түрхэрсэн. 2011.5.11-нээс хойш өмнөд монголчууд зоригжин эрсэлж, бэлчээр нутаг, нүүдэлчин ахуйнхаа төлөө тэмцлийн шинэ үе шатыг эхлүүлж, маш идэвхтэйгээр эвлэлдэн нэгдэж, жагсаал цуглаан, суулт, тайвнаар болон хүчээр саад хийх, зам хаах, зарга, мэдээлэл түгээх, засгийн ордон руу дайрч орж дарга нарт шаардлага тавих гээд хэдэн зуун эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулж ирсэн билээ.
2017.12.18-нд Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд монгол хэлийг заахыг хорьсон тухай мэдээлэл түгж, 12.25-нд Онниуд хошуунд болох байсан малчдын жагсаалыг их цагдаа техник ашиглан таслан зогсоож, зохион байгуулагчдыг нь барьж саатуулж, 12.27-нд Тунляо хотын Жарууд хошууны Өлзиймөрөн сумын Баянтүмэн гацааны 35 монгол малчдад ял оноож цочирдуулсан. Малчин Мэргэний дараахи идэвхтэй их тэмцлийн үеийг ийнхүү хүчээр хааж зогсоов уу гэмээр санагдах болсон. Түүнээс хойш малчдын ямар нэг эсэргүүцлийг гаргуулахгүй гэж маш хатуугаар Хятадын нам засгаас тэмцдэг боллоо. Тэмцлийн ил хатуу хэлбэрүүд ч буурахад хүрч байсан.
ШУӨЗО-д гэм буруугүй сая сая уйгур, казах, киргиз, татар хүмүүсийг концлагерьт хорьж ирсэн. Тэгвэл Шинжааны монголчуудыг мөн хорьж ирсэн гэх мэдээ дуулдах боллоо. Шинжааны дараа Түвдэд нууц бөөнөөр хорих лагериуд байгуулах болсон гэх сураг чих дэлсэх болсон. Тэгвэл дараа нь Өвөр Монголын ээлж ирэхгүй гэж үү?
Өвөр монголчуудын нутаг бэлчээрийг булаан гишгэх газаргүй болгож байгааг та бүхэн мэднэ. Сүүлийн үед тэмцэгчид дахин идэвхжих болсон. Нутаг бэлчээрээ хамгаалсан зохиолч, 70 гаруй настай О.Сэцэнбаатарыг шоронд хийлээ. Соёлын хувьсгалын үнэн байдлыг бичсэн зохиолч А.Лхамжавыг бас шоронд хорьчихлоо. Малчин тэмцэгч Цогзолыг бас л баривчилж хорилоо. Малчин бүсгүй Янжиндуламыг гэрийн хорионд байсхийгээд оруулж, амьдралг нь хүндрүүлдэг. Малчдыг харгислах явдал нэмэгдсээр. Баригдлаа хоригдлоо л гэж дуулдахаас суллагдлаа гарлаа гэж дуулддаггүй.
Өмнөд Монголын Их Хуралдай:
“-Байдал нэгэнт ийм ноцтой болсон тул өмнөд монголчуудыгаа дэлхийн ахан дүү монголчууд, дэлхийн шударга улс түмэн, байгууллагууд зүтгэлтнүүд, хэн бүхэн өмгөөлж хамгаалан, хүч эрчимт дуу хоолой, хүнлэг энэрэнгүй зүрх сэтгэлээ нэгтгэхийг уриалж байна!
Хятадын төр засагт хандан:
-Өмнөд монгол малчдын эрхийг бодтойгоор нэмэгдүүлэн хэрэгжүүлж, үгийг нь хууль ёсоор сонсож, хүлээж авч, ажилдаа тусгаж байхыг шаардаж байна!
– Баригдаж хоригдсон гэм буруугүй өмнөд монгол малчид зүтгэлтнүүдийг цагаатган суллахыг шаардаж байна!
-Өмнөд Монголд гаарсан, малчин монголчуудыг олноор нь хохироосон авлигатай шийдэмгий тэмцэж, авлигач түшмэдүүд болон хээл хахууль өгдөг зальхай шунахай этгээдүүдийг хатуу гэсгээн цээрлүүлэхийг шаардаж байна!
-Малчин өмнөд монголчуудын аливаа хохирлыг барагдуулж, нөхвөрийг олгохыг шаардаж байна!” гэж олонд зарлан мэдэгдлээ.
Үүнээс хэд хоногийн өмнө Өмнөд Монголын Их Хуралдайн гишүүн шашны тухай хэвлэлийн хуралд оролцож, Панчен ламыг суллахыг шаардан, түвдийн тэмцэгчдэд сэтгэлзүйн дэмжлэг үзүүлсэн билээ. Тэгэхдээ мөн, Хятад улс хуурамч Панчен ламыг ашиглан, Монгол улсын шашны үйл хэрэгт хөндлөнгөөс оролцож байгааг шүүмжилж, Монгол улсын хуулийн ямар зүйл заалтуудыг зөрчиж байгааг тодорхой дурджээ.
Осакад гарсан эсэргүүцэл. |
Улаанбаатарт гарсан эсэргүүцэл. |
Америкад гарсан эсэргүүцэл. |
5-р сарын 11-ний эсэргүүцлийн бэлгэ тэмдэг болгож, Өмнөд Монголын малчны зурсан зураг. |
Панчен ламыг өмгөөлөн ярьж байна. |
http://southmongolia.org/mn/1936/
Comments
Post a Comment