Өвөр Монголд их ган болж байна. Бэлчээрийн МАА-г эсэргүүцэгч төрийнхөн, мөн уул уурхай, аялал жуулчлалын салбарын төр ба хувийн секторынхон “үерээс сэргийлэх сумаар үүл буудан сарниулах” хэмээгч ажиллагааг олон жил явуулсан. Малчид ч үүнийг гангийн шалтгаан хэмээн үзэж, эсэргүүцэж их тэмцсэн. Үүнээсээ болж багагүй хэлмэгдсэн хоригдсон.
Хятад голдуу ил далд эзэдтэй уул уурхайнхан усыг хайр найргүй ашиглаж, бохирдуулан асгаж ууршуулж, жам гамыг алдагдуулж байгаагаас Монгол улсад бас хуурайшилт хүчтэй явагдаж, зарим газар ган болж байна. Усыг нь цөлмөн сорчихоод, харангадсан ганц хоёр зээр гөрөөсөнд ус өгч дүр эсгэн, үүнийг харуулсан зураг бичлэг түгээн шүтүүлдэг болоод байгаа. Ар өвөр монголчууд адил зовлонтой болжээ.
Өвөр Монголд үер мөндрөөс хамгаалах нэрийн дор ган гачиг үүсгэж байгаа нь хэт их хохирол учруулж байгааг малчид ярьж байна. 5-р сарын 1-нээс үерээс сэргийлэх аяныг төрийн болон хувийн байгууллагуудын техник хэрэгслийг ашиглан өрнүүлж байгаа. Урьд жилүүдэд “бороо оруулах гэж буудаж байна” гэж тайлбарладаг байжээ. Гэтэл борооны үүл буудаад сарниагаад байгаа нь малчдад олон тохиолоор тодорхой болсон. Малчид хүчтэй эсэргүүцэж, техник, пуужинг хурааж авах, эвдэж сүйтгэх, машиныг хөмрөх нүдэх, хүнийг нь барьж буруушаах зэргээр тэмцэлдсэн нь өчнөөн.
Одоо болохоор үүл сарниулж байгаагаа “үер мөндрөөс сэргийлж байна” гэж тайлбарлах болжээ. Энэ нь “нүүдлийн МАА-тай тэмцэх, малчдын нутаг бэлчээрийг булаах бодлогын нэгэн хэсэг” гэж судлаачид, хүний эрхийг хамгаалагчид хэлдэг. “Нутаг үгүй бол монголчууд үгүй, монголчууд үгүй бол монголчуудын асуудал үгүй” гэж хятадын эрх баригчид ханддаг гэж тэд шүүмжилдэг.
Малчид алсын отор хийгээд ч ган гачиггүй нутгийг олохоо байжээ. Жил жил дараалан өрөнд орж, өрийн дарамтнаас болж малчид үгүйрэн хоосорч, хамаг бүхнээ зарахад хүрдэг. Нутаг түрээслэх, өвс бордоо авах гээд малчид жил бүр бум буман зоос зээлнэ, төлж үл дийлнэ. 1000 зоос хүрдэг байсан хурга 600-700 зоос, түмэн зоос хүрдэг байсан тугал 6000-7000 зоос хүрдэг болжээ.
Гангаас хятадууд хүртэл зугтаж, бүр зарим нь Өвөр Монголоос гарч явж буй аж. Өөрсдийн бэлчээр нь учраас малчид тэдэн шиг эс дүрвэн, нутгаа сахин, байдгаа барж сууна. Нэг боодол өвс 20 зоос хүрч байна. Тэр нь чанаргүй, элдэв юм хольсон байх нь олонтаа. Мал идээд гэдсэнд нь тогтохгүй, чацга алддаг, эцэстээ турж үхэх нь хэвийн үзэгдэл болсон.
Мөндөр ороход царцаа голио, их бороо ороход элдэв мэрэгч үхэж, ач тустай ч байдаг ажээ. Одоо тэд ихээр үржиж, жаахан өвс ургамлыг юу ч үгүй болтол устгадаг болж. Оготно зурам ихсээд хулгана тахал буюу тарваган тахал гарч, Баяннуур аймгийг карантинд орууллаа. “Шавж, мэрэгчтэй устгана” гээд хор цацдаг, хаядаг. Хөрс шороо, өвс ургамал, мал амьтан хорддог. Өдгөө бүх юм улсын болж байна. Малчид л улсын биш болж байна. Энэ нийгэмчлэл бас л асар их асуудал дагуулна.
Жаахан бороо орсон ч ногоорох биш, ургасан жаахан юм нь дороо хатаж цайна. Бүх малчид нийлж тэмцэж, эрх ашгаа хамгаалъя гэж сүлжээ холбоонд их ярьцгаах болжээ.
Маочууд Өвөр Монголыг хуурч захиргаандаа оруулчихаад, нутаг бэлчээр шинэчилнэ хэмээн булааж, баян чинээлэг малчдын хөрөнгийг хурааж , жижиг хөрөнгөтөн хэмээн харгисласан. Соёлын хувьсгалын үеэр малчдыг бүр ямар ч эрхгүй боол болгож, эрчүүдийг нь алж эрэмдэг болгож, албадан ажиллуулж, ар гэрт нь улаан хамгаалагчид, хятадын өлсгөлөн өнчин хүүхдүүдийг суулгаж байв.
Зах зээлд шилжихэд малчдад жаахан газрыг хугацаатай олгож, МАА эрхлэхийг зөвшөөрсөн. Дараа нь хугацаа дууссан тул гэрээ шинэчилнэ гэж булааж авдаг болсон. Өөр олон шалтгаанаар газрыг нь шууд булааж, малчдыг энд тэнд хүчээр суурьшуулах суулгах болсон. Амьдрах аргагүй болгочихоод нөхөн олговор өгдөггүй. Үлдсэн малчдыг ганд нэрвэгдүүлж хүн малгүй хатааж алах гэж байна.
Энэ бүхэнд дэлхий нийтээр анхаарал хандуулан, шаардлага тавьж тэмцэх хэрэгтэй.
Comments
Post a Comment